Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.20/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцов.
Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 22 сая 303 мянган хүн халдвар авч, 793 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 255 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.
Манай улсад ажиглалтаас 181 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 80 хүн шинээр ажиглалтад орлоо. Ажиглалтад нийт 2099 хүн байна. 119 дугаарын утсанд 102 дуудлага ирсэн байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 602 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, долдугаар сарын 31-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 186 хүний давтан шинжилгээ, эн сарын 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 259 хүний давтан шинжилгээ, 46 эмч, ажилчдын шинжилгээ, гадны улс руу явах хүсэлт гаргасан 77 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ, ажиглалтад байгаа таван хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, тандалтын зорилгоор авсан зургаан хүний шинжилгээ байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 281 боллоо. Нийт эдгэрээд гарсан 281 хүний 52 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 14 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 215 хүн байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 17 хүн эмчлүүлж байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 15 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 38 хүн ажиглалтад байгаа гэлээ.