Иран БНСУ-ын далбаатай тээвэрлэгч хөлөг онгоцыг байгаль орчны протоколыг зөрчсөн хэмээн үзсэний улмаас саатуулсан гэдгээ даваа гарагт мэдэгджээ.
Ираны Хувьсгалт гвардын мэдээлснээр, саатуулсан хөлөг онгоцыг зүүн нутгийн боомт руу шилжүүлжээ. Мөн БНСУ, Индонезийн иргэд бүхий хөлгийн багийнхнийг саатуулсан байна.
БНСУ-ын Гадаад хэргийн яам дээрх мэдээллийг баталсан бөгөөд усан онгоцыг, хөлгийн багийн 20 гишүүний хамт нэн даруй суллахыг шаарджээ. Тэдний дунд БНСУ-ын таван иргэн байгаа юм.
“Yonhap” агентлаг хөлөг онгоц байгаль орчны протоколыг зөрчөөгүй гэж уг хөлөг онгоцны оператор компанийн төлөөлөгчийн мэдээлснийг иш татан уламжилсан байна.
Мөн БНСУ-ын Батлан хамгаалахын яам хөлөг онгоцыг саатуулсан газар луу ойролцоох цэргүүдээ илгээнэ гэж мэдэгджээ.