Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд НЭГ сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан байв.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оффшор бүсээс төрийн санд ямар ч мөнгө орж ирээгүй хэмээн твиттер дэх өөрийн албан ёсны хуудсаараа мэдээлжээ.
Тэрбээр “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол хуульгүй, дүрэмгүй улс уу? диктатор гараад ирчихсэн юм уу?” хэмээн бичжээ.