Хойд Солонгос улс шумбагч онгоцноос хөөргөх боломжтой баллистик пуужингийнхаа шинэ загварыг танилцууллаа. Зураг дээр дөрвөн ч ширхэг харагдах хар цагаан хошуутай пуужин өмнө нь дэлхийн хаана ч харагдаагүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Үүнээс гадна хэд хэдэн пуужинг пүрэв гарагт болсон Хойд Солонгосын цэргийн жагсаалын үеэр нийтэд ил болгосон бөгөөд энэ мэдээлэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолоос хэдхэн хоногийн өмнө болж байгаа нь анхаарал татаж байна.
Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг энэ талаар “Дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг болох шумбагч онгоцноос харвах боломжтой баллистик пуужин хувьсгалт цэргийн хүчний сүр хүчийг илтгэн талбайд гарч ирлээ” хэмээжээ.
Цэргийн жагсаалын үеэр Хойд Солонгосын хамгийн том зэвсэг болох тив алгасагч баллистик пуужин харагдаагүй байна. Хэд хэдэн улс тус зэвсгийг цөмийн цэнэгт хошууг дэлхийн хаана ч хүргэх чадалтай гэж үздэг.
Таван жилд нэг удаа зохиогддог, Хойд Солонгосын Ажилдны намын их хурал өнгөрсөн долоо хоногт болоход удирдагч Ким Жон Ун “АНУ бол манай орны хамгийн том дайсан, саад тотгор. Тус улсын эрх мэдэл хэнд ч байсан Хойд Солонгосын эсрэг явуулж буй бодлого өөрчлөгдөхгүй” хэмээжээ.