Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-ний лхагва өдөр товлох саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ.
СЕХ-ноос боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг 2021 оны зургаадугаар сарын 9-ний Лхагва гарагт товлох санал тусгасан байсныг ийн байнгын хороогоор дэмжсэн байна.
Мөн өдөр УИХ-ын сонгуулийн 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болохоор тогтсон. УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргаар ажиллах болсонтой холбоотойгоор гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул нөхөн сонгуулийг явуулахаар болоод байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн сонгуулийн техник хэрэгсэлд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг ашиглахыг гишүүд дэмжсэн байна.
Байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ-ын нэгдсэн чуулганд санал хураалт явуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг эцэслэх юм.