Засгийн газар өнөө өглөө ээлжит бусаар хуралдсан. Тус хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргасан байна. Учир нь тэрээр галын шугаман дээр ажиллаж байгаа хоёр сайдаа явуулснаас танхимаараа огцорсон нь дээр, нөхдөө явуулчихаад сугарч үлдэхгүй гэжээ.
Тус асуудлыг яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх юм. Өчигдөр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар хариуцлага хүлээж ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлэхээ олон нийтэд мэдэгдсэн. Тиймээс дээрх хоёр сайдын оронд шинэ томилгоо хийгээд Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явна гэж таамаглаж байсан ч Ерөнхий сайд ийнхүү өөрөө танхимаараа огцрох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, сайд нар нь дэмжсэн байна. Одоо эцсийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргана.