Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин, эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лигийн тэргүүн Аун Сан Су Жи нар баривчлагджээ.
Энэ тухай Ардчиллын төлөөх үндэсний лигийн хэвлэлийн албаны дарга Мью Ньинта мэдэгдсэн байна. Аун Сан Су Жи Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайдын албан тушаалыг давхар эрхэлдэг юм.
Ардчиллын төлөөх үндэсний лигийн бусад өндөр дээд албан тушаалтнууд мөн баригдсан тухай Мью Ньинта мэдэгдээд, ойрын хугацаанд өөрийг нь ч мөн баривчилж магадгүй байгааг хэлжээ.
Аун Сан Су Жиг цэргүүд баривчилжээ. “Аун Сан Су Жи Мьянмарын нийслэл Нейпьидо хотод саатуулагдаж байгаа бөгөөд бидний үзэж буйгаар цэргийн арми төрийн эргэлт хийх гэж байна” хэмээн Мью Ньинта ярьсан байна.
Парламентын сонгуулийн дүнд сөрөг хүчин сэтгэл хангалуун бус байгаагаас үүдэлтэй улс төрийн хямралыг даван туулахад чиглэсэн уулзалт Мьянмарын Засгийн газар, Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн хооронд болсон ч уулзалт амжилтгүй өндөрлөсөн тухай “Irrawaddy” сонин өмнө нь мэдээлсэн байна. Санал хураалтын дүнг хуурамч гэж үзэж байгаа бөгөөд дахин шалгахгүй бол төрийн эргэлт болж магадгүйг цэргүүд өмнө нь үгүйсгээгүй байна.