Японд өнгөрсөн нэгдүгээр сард коронавирусийн халдвараар нийт 132 хүн эмнэлэгт биш гэртээ, ажил дээрээ нас барсан гэж тус улсын Үндэсний цагдаагийн газраас мэдээлжээ.
Энэ нь 2020 оны арванхоёрдугаар сарын 56 нас баралтаас даруй хоёр дахин их, 2020 оны сүүлийн 10 сарын тоон үзүүлэлтээс дунджаар 122 нас баралтаар давсан тоо юм. Эндсэн 132 хүний 56-д нас барахаас нь өмнө вирус илэрсэн бол үлдсэн 76-д нь өөд болсных нь дараа халдвар илэрчээ.
Тэдний 95 нь эрэгтэй, 37 нь эмэгтэй байсан бол 123 нь гэртээ, өндөр настнуудын асрамжийн газарт нас барсан бол үлдсэн ес нь ажил дээрээ, машины зогсоол болон бусад газарт өөд болжээ. Нас барсан хүмүүс нь
- 90-ээд насны 16 ахмад,
- 80 насны 37 ахмад,
- 70 насны 36 ахмад,
- 60 насны 25 хүн,
- 50 насны 11 хүн,
- 40 насны дөрөв,
- 30 насны хоёр,
- 20 насны нэг хүн байжээ.
Тэр дундаа Токиод хамгийн олон буюу 46, Канагавад 19, Чибад 15, Осакад 10 нь нас баржээ. Харин энэ хоёрдугаар сарын эхний 10 хоногт ийм байдлаар долоон хүн нас баржээ. Тэд 70-80 настнууд байв.