2021 оны тавдугаар сарын 1-нээс вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээх асуудлыг судалж үзсэн бөгөөд ирэх Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулж, маш нухацтай ярина гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Тэрбээр өнөөдөр аялал жуулчлалын салбарынхантай уулзах үеэрээ дээрх мэдээллийг өгсөн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар “Тавдугаар сарын 1-нээс хил нээх эсэх шийдвэр нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас дэлхий нийтэд хүндрэл их байна. Бидний өнөөдрийн баримталж буй халдвар хамгааллын дэглэмийг иргэд сайн барьж, вакцинжуулалт тасалдахгүй зохион байгуулж, нийт иргэдийн 50-иас дээш хувийг вакцинжуулах төлөвлөгөөг хийсэн. Маш богино хугацаанд хийнэ.
Бид аялал жуулчлал, хувийн хэвшлээ аль болох хурдан эргэлтэд оруулахын тулд вакцинжуулах ажлыг зохион байгуулж чадвал вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж чадах байх гэж бодож байна. Гэхдээ шууд амлахад амаргүй. Ингэхийн тулд Засгийн газар чадах чинээгээрээ ажиллана. Нөхцөл байдал, вакцинжуулалтаа дүгнээд тавдугаар сарын 1-нээс хил нээх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна гэдгийг зарлаж байна. Үүнд тулгуурлаад та бүхэн төлөвлөлтөө хийж болно” гэлээ.