Сүүлийн нэг жилийн хугацаанд цар тахалтай хийсэн тэмцэлд эмэгтэйчүүд тэргүүн эгнээнд байсан боловч дэлхийн олон оронд тэдний байдал улам дордсон гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Антонио Гутерриш Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулсан арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ мэдэгджээ.
Эмэгтэйчүүдийн байгууллагууд цар тахалтай тэмцэх хүчин чармайлтыг дэмжих, халдварын талаар мэдээлэл түгээхэд, ялангуяа орон нутгийн түвшинд чухал үүрэг гүйцэтгэсэн бол НҮБ-ын энхийг сахиулах бүрэлдэхүүн дэх эмэгтэйчүүд цар тахлын үед орон нутгийн иргэдтэй яриа хэлэлцээ хийхэд хувь нэмэр оруулсан гэж Гутерриш онцолжээ. “Коронавирусний халдвар авсан хүмүүстэй ажиллаж буй эмч нарын 70 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас гадна, эдийн засгийн доод шатлалд буй олон эмэгтэй арьсны өнгөөр эсвэл өөр шалтгаанаар гадуурхагдаж байна” гэж тэрбээр хэлэв.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын онцлон тэмдэглэснээр, цар тахал “хүйсийн тэгш бус байдлыг улам ихэсгэж, олон эмэгтэйг ядуурал руу түлхэн, ажлын байргүй болгож, эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших боломжгүй болгожээ”. “Хэдийгээр эмэгтэйчүүд цар тахалтай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа боловч тэдний эрхийг хангахад ухралт гарч байгааг бид харж байна. Энэ нь эмэгтэйчүүдэд өөрсдөд нь төдийгүй, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх бүх ажилд сөргөөр нөлөөлж байна. Бид энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн байна.
Гутерриш мөн өөрсдөд нь шууд хамааралтай асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй байх ёстой боловч нийгэм, улс төрийн амьдралд эрэгтэйчүүдтийн адил тэгш оролцоог нь хангах боломжгүй байгааг цохон тэмдэглэжээ. “Ердөө 22 улсад эмэгтэйчүүд улс орноо эсвэл Засгийн газраа тэргүүлж байгаа бол сайд нарын суудлын ердөө 21 хувийг эзэлж байна. Мөн хууль тогтоох байгууллагуудад ердөө 25 хувийн суудал эзэлдэг” гэж тэрбээр хэлжээ.