Пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалттай хамгийн сүүлийн үеийн эскадрын мина тээвэрлэгч хөлөг онгоц болох “Хагуро”-г баасан гарагт Японы Тэнгисийн цэргийн хүчинд /ТЦХ/ хүлээлгэн өгчээ.
Хөлөг онгоцыг хүлээлгэж өгөх ёслол Ёокохама боомт дахь цэргийн усан онгоцны үйлдвэрт боллоо гэж Киодо агентлаг мэдээлэв. Ёслолд Японы Батлан хамгаалахын сайд Киши Нобуо оролцжээ.
“Хагуро” нь “SM-3 Block IIA” ангиллын пуужингаар тоноглох боломжтой, тус улсын ТЦХ-ний хоёр дахь байлдааны хөлөг онгоц юм. Эдгээр пуужинг АНУ, Японы мэргэжилтнүүд хамтран бүтээсэн бөгөөд өмнөх үеийн пуужингаасаа ялгаатай нь илүү хүчирхэг хөдөлгүүртэй болжээ. “SM-3 Block IIA” нь асар хурдтай 1000 хүртэлх км-т нисэж, 500 км-ийн өндөрт баллистик пуужингуудыг амдан сөнөөх чадалтай байна.
“Хагуро”-г Японы зүүн хойд нутгийн уулын оргилуудын нэгийнх нь нэрээр нэрлэсэн бөгөөд Кюшю арал дээрх тэнгисийн цэргийн баазад байрлах аж. Энэхүү хөлөг онгоц нь “Aegis” радарын системээр тоноглогдсон, Японы ТЦХ-ий найм дахь хөлөг онгоц юм. Ийм систем бүхий хөлөг онгоц Японд АНУ-ын бусад холбоотнуудаас илүү олон байдаг аж.
“Хагуро” мөн дайсны пуужин, нисэх онгоцуудын тухай мэдээллийг Америкийн Зэвсэгт хүчинтэй шууд солилцох боломжийг олгодог энэхүү системээр тоноглогдсон эскадрын мина тээвэрлэгч хоёр дахь хөлөг онгоц болсон байна. “Aegis” системээр тоноглосон эскадрын мина тээвэрлэгч анхны хөлөг онгоц нь “Мая” юм. Эдгээр хөлөг онгоцыг Алс Дорнод дахь АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолборт бүрэн нэгтгэсэн гэж “Yomiuri” сонинд өмнө нь онцолж байв. Тус сонинд мэдээлснээр, мэдээлэл шуурхай солилцох систем нь Хятадын далавчит пуужин, Умард Солонгосын баллистик пуужинг амдан сөнөөх чадварыг эрс нэмэгдүүлнэ.
“Хагуро”, “Мая” хөлөг онгоцууд 170 метр урт, 8200 тоннын усан түрцтэй ажээ.