ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа коронавирусний халдвар аваад шинж тэмдэг илэрсэн, халдвар нь оношлогдсоноос хойш 10 хоногийн дараа тухайн хүнийг бусдад тараах эрсдэлгүй болдог гэдгийг хэллээ.
Тэрбээр “Тухайн хүн халдвар аваад шинж тэмдэг илэрсэн эсвэл оношлогдсоноос хойш 10 хоногийн дараа бусдад халдвар тараахгүй болдог. Иргэдийн зүгээс “Намайг ажилдаа битгий ир, найзууд гадуурхаад байна” гэсэн гомдлууд их ирж байна. Энэ бол агаар дуслын халдвар учраас хэн ч халдвар авч болно. Халдвар авсан нэгнээ битгий ялгаварлан гадуурх. Албан байгууллагуудад хэлэхэд 10 хоногийн дараа тухайн хүний ажлыг нь хийлгэх боломжтой шүү. 10 хоногийн дараа бусад хүмүүст эрсдэлгүй” гэлээ.
Мөн “Халдвар аваад эдгэрсэн хүнд ажилдаа ирэхдээ заавал PCR шинжилгээ өгөөд ир гэсэн шаардлага тавих хэрэггүй. Учир нь халдвар аваад эдгэрсэн хүнээс 40-60 хоногийн хугацаанд шинжилгээ нь эерэг гардаг. Эерэг гарч байгаа нь тухайн хүн халдварлуулах чадвартай гэсэн үг биш. Халдвар авсан гэдгийг нотолж байгаа юм” гэлээ.