УНТЭ-ийн КОВИДЫН ТАСАГТ ажиллаж байсан сувилагч нас барсан тухай өнөөдөр мэдээлсэн билээ.
Болсон явдалд Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмгэнэл илэрхийлэв.
Тэрбээр “Эмгэнэл илэрхийлье. 2021 оны дөрөвдүгээр сарын 28-29 шилжих шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байсан сувилагч амь насаа алдлаа. Сувилагчийн ар гэр, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлье. Холбогдох хууль хяналтын байгууллага шалтгааныг тодруулахад Эрүүл мэндийн яам, эмнэлгийн удирдлагууд түргэн шуурхай хамтран ажиллах болно.
Эрүүл мэндийн салбарынхан чимээгүй л ажлаа хийж ирсэн ч элдэв янзаар сэтгэл санааны дарамтад өртүүлэх явдал гарч буй учир цаашид ийм үйлдлийг гаргахгүй байцгаая гэж олон нийтийг уриалж байна.
Ковид-19 халдварын амаргүй хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хаана ч өмгөөлж хамгаална. Нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар хэлэгдэхэд сэтгэл урагддаг эгэл эмч, Эрүүл мэндийн сайдын хувьд салбарынхнаа өмөөрөх болно. Ум мани бад ми хум” гэжээ.