“Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг жирэмсэн эхчүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийх судалгааны талаар мэдээлэл өгч асуултад хариуллаа.
Тэрээр “Жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаажуулалтын асуудал бүх улс орны тулгамдсан асуудал болоод байгаа. Олон улсын туршлагыг харахад жирэмсэн эмэгтэйчүүдэд сайн дурын үндсэн дээр вакцин хийж байна. Харин хөхүүл эхчүүдийг тодорхой зааврын дагуу дархлаажуулалтад хамруулдаг. Эхний тунг жирэмсний 14-36 долоо хоногийн хооронд хийнэ. 2 дахь тунгаа 36 долоо хоногоос өмнө авч чадаагүй бол төрсний дараа хийнэ. Өөрөөр хэлбэл, вакциныг 36 долоо хоногоос хойш хийхгүй. Төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцин хийнэ” гэв.
-Жирэмсэн гэдгээ мэдэхгүй вакцин хийлгэсэн хүмүүс байна. Энэ хүмүүс яах вэ?
-Энэ өвчин гараад хоёр жил боллоо. Энэ хугацаанд вакцин хийлгэснээс болж ийм гаж хөгжил үүсчихлээ, ийм өөрчлөлт орсон гэсэн тохиолдол дэлхий дээр байхгүй. Жирэмсэн гэдгээ мэдэхгүй вакцин хийлгэсэн ч жирэмслэлтийг зогсоо гэдэг зөвлөмж өгөхгүй.
-АНУ, БНХАУ-д жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийж байгаа юм байна. 98 мянган жирэмсэн эх вакцин хийлгэсэн гэсэн. Үүнд ямар нэгэн урвал хүндрэл гарсан уу?
-Одоогоор вакцин хийлгэсэн эхчүүдэд гаж нөлөө үзүүлсэн гэсэн тохиолдол гараагүй. Жирэмсэн эхчүүд эмнэлгийн байгууллагад хяналтад орохдоо бүх зовуураа маш сайн хэлнэ. Ингээд эмнэлгийн ажилтны тусламжтайгаар вакцин хийлгэх, эсэх шийдвэрээ гаргах хэрэгтэй.