Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр /2021.05.24/парламентад суудалтай гурван намаас нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж, сонгуульт ажилдаа орлоо.
Гэхдээ нэр дэвшигчдээс илүү тэдний сонгуульт ажлыг хэн удирдан чиглүүлж байна вэ гэдэг нь анхаарал татах сэдвийн нэг билээ.
Тэгвэл Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшиж, түүний сонгуулийн менежерээр намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан томилогджээ.
Харин сөрөг хүчин болох АН-аас С.Эрдэнэ, түүний сонгуулийн менежерээр Д.Эрдэнэсувд ажиллаж байгаа бол “Зөв хүн-Электорат” эвслээс төрийн тэргүүний сунгаанд өрсөлдөж байгаа Д.Энхбатын сонгуульт ажлыг ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд ахалж байна.
Өөрөөр хэлбэл, гурван нэр дэвшигчийн сонгуулийн менежерээр ажиллаж байгаа Д.Амарбаясгалан, Т.Доржханд, Л.Эрдэнэсувд нарын дунд жинхэнэ өрсөлдөөн явагдана.
Тэд ямар менежмент, хэлбэрээр нэр дэвшигчээ ялалтад аваачих нь өөрсдөөс нь 100 хувь шалтгаална. Ур чадвар, мэдлэг туршлагааас гадна мэдрэмж шаардсан өрсөлдөөн “хөшигний ард” явагдах нь тодорхой юм.
Харин хэн нь сайн менежер, хэнийх нь “уясан морь” түрүүлэх нь ирэх зургаадугаар сарын 09-нд олон нийтэд ил болно.