УИХ-ын гишүүн, АН-ын дарга гэх О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: “Монгол Улсын 8 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан албан ёсны Ардчилсан Намын байр суурийг илэрхийлж байна. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Харин АН-аас нэр дэвшигч энэ сонгуульд түүхэн доод буюу 5-6 хувийн санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Тоглоомын сөрөг хүчнээс захиалгат нэр дэвшигч өрсөлдсөн болж төрийн эсрэг бусад нам өрсөлддөг хэлбэр төдий сонгууль Монголд бий боллоо. Мөн уул уурхай дагасан их мөнгөнд суурилсан халамж ардчилалд аюул учруулж байна. АН үндсээрээ шинэчлэгдэж байж ардчиллаа аварна.
Бид ардчилалд хайртай монголын ард түмэн, АН-ын гишүүд, дэмжигчдээсээ уучлал хүсэх ёстой. Албан ёсны нэр дэвшигчээ тодруулж, нэр төртэйгөөр энэ сонгуульд оролцох боломж бидэнд байсангүй. Гишүүд, дэмжигчдээс бус дээр байгаа бид бүгдийн үл ойлголцлоос болж ийм нөхцөл байдалд хүрсэн. Дараагийн нөхөн сонгуулийн өмнө энэ бүхэнд дүгнэлт хийх ёстой.
Гишүүдийн олонхи хаанаа байна, тэр нь жинхэнэ Ардчилсан нам юм гэдгийг сонгуулийн дүн харууллаа. Бид хууль бус явдлыг хүлээн зөвшөөрч дэмжээгүй ч эсрэг ажилласангүй, эрх баригчдыг дагасангүй, цагаан сонголтод ч уриалаагүй. Одоо учир зүйгээ олж намаа шинэчилье.” гэв.