“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын эргэн тойронд өчигдөр болсон сонин, содон мэдээг Монголын үндэсний олимпын хорооноос толилуулж байна.
- Хятадын усанд сэлэгч Жан Юү Вэй энэ өдөр /07.29/ 1 цагийн дотор 2 алтан медаль хүртэж, гайхалтай амжилтын эзэн болов. Тэрбээр, эхлээд 200 метрийн эрвээхэй сэлэлтэд 2:03.86 минутын амжилтаар олимпын рекорд тогтоож түрүүлсэн. Үүнээс ердөө ганц цагийн дараа 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн буухиад түрүүлсэн багийнхаа нэг гишүүн нь болжээ. Хятадын сэлэгчид энэ зайд дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон /7:40.33 мин/ бол мөнгө, хүрэл медалийг АНУ, Австралийн сэлэгчид хүртэв.
- Словенийн сагсан бөмбөгийн шигшээ багийнхан шилтэй архины ард ширээ тойрон суугаа зураг инстаграмаар цацагдаж, олны шүүмжлэлд өртөөд байна. Уг зургийг инстаграмдаа оруулсан Испанийн эмэгтэй шигшээгийн тоглогч Кристина Оувинья удалгүй зургаа устгаж, уучлалт гуйсан ч хэдийн олон хүнд хүрчээ. Словенчууд өөрийн тамирчдаа олимп дөнгөж эхэлж байхад шоудлаа хэмээн шүүмжлэх болсон байна. Уг зурганд Словенийн шигшээгийн од Л.Дончич мөн байсан юм.
- Харин Словенийн шигшээгийн дасгалжуулагч Александер Секулич “Би энэ зурагнаас ямар ч хууль бус зүйл олж харахгүй байна” хэмээн тамирчдаа өмөөрчээ.
- Словенийн эрэгтэй шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтдоо Аргентинийг 118:100, Японыг 116:81-ээр хожсон бөгөөд 8 дугаар сарын 1-нд Испанитай тоглох юм.
- Оросын жүдоч Нияз Илясов эрэгтэйчүүдийн -100 кг-д хүрэл медаль хүртлээ. Энэ нь тус улсын жүдочдын хоёр дахь хүрэл медаль болов. Оросууд Лондоны олимпод 3 алт, нийт 5 медальтай багийн дүнгээр тэргүүлсэн бол Риогоос 2 алт, 1 хүрэл медальтай ирж байв. Харин Токиогийн дэвжээ Оросын жүдочдод тун халгаатай байна.
- Сэлүүрт завины эмэгтэйчүүдийн хосын төрөлд Италийн В.Родни, Ф.Сезарини нарын баг аваргаллаа. Италичууд өөрийн зайг 6:47.54 минутад туулж, арын өрсөлдөгч Нидерландын багаас ердөө 0.14 секундээр илүүрхсэн юм. Италийн сэлүүрт завины эрэгтэй тамирчид олимпын наадмаас 40 медаль хүртсэн баялаг намтартай бол бүсгүйчүүд нь анхны медалиа ийнхүү хүртжээ.
- Жүдоч А.Вулф эрэгтэйчүүдийн -100 кг-д аваргалснаар япончууд энэ олимплоос 15 алтан медальтай болж, багийн дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Тэд Риогийн олимпоос нийт 12 алт зүүсэн бол энэ удаа эхний 6 өдөрт л 15 алттай болов. Мөн БНХАУ-ын баг 15 алтан медальтай явна. Харин АНУ 14 алтан медаль зүүгээд байна.