Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ажлын хэсгийн дарга Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар газар олголт болон чөлөөлөлттэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрээр “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 0.07 га газар олгох боломжгүй гэдгийг холбогдох албаныхан иргэдэд үнэнээр нь хэлмээр байна. Сургууль, цэцэрлэг барихаар газар чөлөөлөлт хийх гэхээр иргэд газраа маш өндрөөр үнэлдэг. Жишээ нь, нэг айл газрынхаа багахан хэсгийг 600 сая төгрөгөөр үнэлж байна.
Нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихын тулд газар чөлөөлөлт хийх гэж байгаа. Дээр жишээ болгон дурдсан иргэн газраа төрөөс үнэгүй авсан. Тэр газраас нь багахан хэсгийг чөлөөлж авах гэтэл 600 сая төгрөг гэж байна. Ирэх жил Улаанбаатар хотод 320 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтийн ажил хийгдэх хэрэгцээ шаардлага бий.
Түүн дээр 193 тэрбум төгрөгийн зам, барилгын ажил хийгдэх хүлээлт үүсчихсэн байгаа. Гэтэл бүтээн байгуулалтын ажлаас давсан газар чөлөөлөлтийн өртөгтэй явж байна. Тиймээс цаашид газар зохион байгуулалтын концепцийг шинэчлэх шаардлага бий болоод байна” гэлээ.