Нийслэл хотод шөнийн цагаар дуу чимээ гаргаж, бүдүүн яндантай бүрэн бус тээврийн хэрэгслээр дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.
Энэ оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн хяналт, шалгалтын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3, техникийн үзлэг оношилгоонд ороогүй 3, зориулалтын бус яндандтай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг 15 тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Автотээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулан ажиллаж байна.
Цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулах юм. Иймд иргэд та бүхэн шөнийн цагаар стандарт бус яндантай тээврийн хэрэгслээр дуу чимээ гаргаж, амгалан тайван байдлыг тань алдагдуулбал цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэнэ үү.