Иргэний хөдөлгөөний тэмцэгчийг суллахыг шаардсан 10 улсын элчин сайдыг нутаг дэвсгэрээсээ хөөх даалгаврыг Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр гадаадын хэргийн сайддаа өгсөн байна.
Өнгөрсөн Даваа гарагт эдгээр 10 улсын элчин сайд иргэний хөдөлгөөний тэмцэгч Осман Кавалаг суллахыг шаардан хамтарсан мэдэгдэл гаргаж байжээ.
Элчин сайд нь Туркээс хөөгдөхөөр болсон 10 улсад АНУ, Герман, Канад, Дани, Финланд, Франц, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Швед багтжээ.
Одоо 64 настай Кавала нь 2017 оноос хойш Туркийн шоронд хоригдож байгаа юм. Түүнийг 2013 онд засгийн газрын эсрэг тэмцэл зохион байгуулсан, 2016 оны цэргийн эргэлтэд оролцсон гэж буруутгаж байгаа.
Эх сурвалж: AFP