1961 оны 10 сарын 30-ны энэ өдрийн 11.32 цагт ЗХУ хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчтэйд тооцогдох устөрөгчийн бөмбөг туршив.
58 мегатоннын чадалтай энэ бөмбөг нь дэлхийн II дайны (Хирошима, Нагасаки дээр хаясан атомын бөмбөгийг оролцуулаад) үед хэрэглэсэн бүх бөмбөгнөөс 10 дахин илүү чадалтай байсан гэнэ. Бөмбөгийг “Шинэ газар”-ын арал дээр дэлбэлэх үед “мөөг”-ний өндөр 67 км хүрч, цохилтын долгион нь дэлхийн бөмбөрцөгийг 3 удаа тойрч байсан ба дэлбэрэлтийн цэгээс хэдэн зуун километрын радиуст байсан радиохолбооны тоног төхөөрөмжүүд ажиллагаагүй болж байжээ.
“Хаан” нэртэй энэхүү бөмбөгийг зохион бүтээгч академич Андрей Сахаров туршилтыг эсэргүүцэн тэмцсэн боловч амжилт олоогүй.
Нобелийн энхтайваны шагналт энэ эрдэмтэн Зөвлөлт улсад хүний эрхийг зөрчиж байгааг эсэргүүцсэний улмаас бүх шагналаа хураалган Горький хот руу цөлөгдөж байлаа. М.Горбачев түүнийг 1986 онд цөллөгөөс буцаасан ба хожим тэрээр Дээд Зөвлөлийн Хурлын депутат болж байв.