Монгол Улсын Засгийн газраас өнөөдрөөс /2021.11.01/ эхэлж урлаг, спортын зарим арга хэмжээг нээх шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс болон Засгийн газраас мэдээлэл хийж байна.
Мэдээллийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нараас гадна Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар өгч байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорио тогтоохгүй, дасан зохицож ажил амьдралаа урагшлуулах хэлбэрээр бодлого гаргаж явж байна. Халдварын эсрэг III тунг хийж байна. Өнөөдрийн байдлаар 23420 орчим иргэн халдварын III тунгаа хийлгэсэн. Цаашдаа III тундаа зайлшгүй хамрагдах 1.5 сая иргэн байна” хэмээн мэдээллийн эхэнд тодотголоо.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд зургаан удаа хөл хорио тогтоосон байна. Хүнд сорилт дунд нэг жилийн хугацаанд явсан байна. Бид урлаг, соёл болон бусад салбарын үйл ажиллагааг нэг шат чөлөөлж, 50 хувийн дүүргэлттэй ажиллах, зарим аж ахуйн нэгжийг хэвийн явуулж эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж вакцины III тундаа хамрагдахыг уриалж байна. Өнөөдөр манайх 2.8 сая вакцины нөөцтэй улс болжээ” хэмээн тодотголоо.
Түүнчлэн “Үзвэр үйлчилгээ, баяр ёслолд хамрагдаж байгаа иргэдээс түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаардана. Мөнгө нь 20 мянган төгрөг. Хэрэв гурав дахь тундаа хамрагдсан бол тэр баримтаа барьж, очих сонголттой юм” гэлээ.