Спортын тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдад Засгийн газраас олгодог урамшууллын тогтолцоог эргэж харах шаардлага байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Олимп болон дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгодог Засгийн газрын журмаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байсан ч насан туршдаа энэ цалинг авах зохицуулалттай. Зөвхөн допингийн асуудалд холбогдсон бол энэ урамшууллыг олгохгүй гэдэг заалттай. Ийм зохицуулалт байж болохгүй.
Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй.
Олон сайн тамирчин, дасгалжуулагч, спортын холбоод байгаа. Спортын салбарынхан өөрөө өөрсдөө нэр хүндээ унагааж байна.
Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ олон хүнд хүртээмжтэй байх, тамирчдын нийгэмд үзүүлж буй үлгэр дууриал ямар байх зэргийг харгалзан үзэх шаардлагатай.
Тухайн тамирчин эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг цуцалж эсвэл нөхөн төлүүлдэг байх ёстой. Ингэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө хэтэрхий шившигтэй зүйлд зарцуулагдаж байна.
Тиймээс энэ асуудалд Биеийн тамир спортын улсын хороо, Засгийн газар болон харьяалах байгууллагууд дүрэм журмаа өөрчлөх шаардлагатай байна” гэв.