Намайг бага байхад манай эсрэг талын нэгэн хуучин байшинд түүний эзэн гэгдэх туранхай өвгөн байдаг байж билээ. Байшингаасаа бараг гардаггүй байсан тэр өвөө бороотой өдөр болгон автобусны буудал дээр элэгдэн муудсан шүхэр барин өдөржингөө зогсоно. Өвөө автобусанд ч суудаггүй бас түүн дээр хэн ч айлчлан ирэхгүй, зүгээр л зогсоно….
Тэр өвөөг харахад яагаад ч юм бэ дотор минь ганцаардлын гуниг төрж, үүний сацуу хэн нэгэн хүн тэрхүү бор туранхай өвөө дээр минь ирээсэй гэсэн итгэл өвөрлөн цонхон дор харж суудаг байлаа. Гэвч нэг ч хүн ирдэггүй байсан бөгөөд өвгөн бүх автобус явж дуусан харуй бүрүй болоход байшингийнхаа зүг нөгөө л нэг хуучин тахир шүхэрийнхээ хамт тайван гэгч нь алхална. Бороотой өдөр бүр…
Нэгэн удаа би тэр өвөөг буудал дээр зогсож байхад нь зорин очиж:
-Та автобусанд суудаггүй мөртлөө буудал дээр яагаад ийм хүйтэн бороотой өдрүүдэд шүхэр барин зогсдог юм бэ? гэхэд тэр өвөө надруу инээмсэглэн:
-Манай эмгэн 3 жилийн өмнө өөд болсон юм. Тэр маань бороотой өдөр болгон намайг ажлаас тарж, автобуснаас бууж ирэхэд энэ шүхэртэй буудал дээр хүлээн зогсдог байсан юм. Муу эмгэн маань ямар их дааран байж хулээдэг байсан бол? Хүлээж буй хором бүр нь яг л үүрдийн хүлээлт мэт санагддаг байсан байхдаа? гэж бодохоороо энэ шүхэртэй хамт бороонд зогсдог юм хэмээн нүдэндээ нулимс цийлгэнүүлэн байж надад хэлж байсан юм.