Лхагва гарагт Хойд Солонгосын дэглэм баллистик ангиллын пуужин туршсан нь амжилтгүй болсныг Сөүлийн эрх баригчид мэдээлжээ. Пёньян хотын Сунан дүүргээс харвасан пуужин тэр дороо дэлбэрч, хэлтэрхийнүүд нь нийслэлийн суурьшлын бүсэд унасан тухай холбогдох эх сурвалжууд мэдээлсэн юм.
Хойд Солонгосын төв хэвлэлүүд зэвсгийн туршилт бүрийнхээ дараа 24 цагийн дотор үр дүнг нь бахархалтайгаар мэдээлдэг уламжлалтай. Харин Пүрэв гарагт Родон Синмун сонин, Солонгосын Мэдээний Төв Агентлаг зэрэг хэвлэлүүд энэ талаар огт мэдээлэлгүй, чимээгүй өнгөрсөн нь туршилт амжилтгүй болсныг баталж байна.
Хойд Солонгос энэ он гарсаар 10 дахь пуужингийн туршилтаа гүйцэтгэсэн нь энэ юм.
“Хойд Солонгос өөрийн удирдагчийн аугаа амжилтын талаар үлгэр домог мэт мэдээлдэг. Харин алдаа дутагдлаа тас нуудаг уламжлалтай” гэж Сөүл хотын Сэжон Хүрээлэнгийн судлаач Чон Сён Чан энэ тухай хэвлэлд ярьжээ. Ирэх сард Пёньяны эрх баригчид Хоёд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ил Суны мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэхээр бэлдэж байгаа. Дөрөвдүгээр сарын 15-нд тохиох энэ үйл явдлын үеэр тус улс цэргийн нүсэр парад зохион байгуулж, зэр зэвсгийн хүчин чадлаа дэлхий нийтэд сурталчлахаар бэлдэж байна.
Ийм онцгой чухал цаг үед зэвсгийн туршилт амжилтгүй болсныг дотооддоо төдийгүй гадаад ертөнцөөс хатуу нууцалж байна гэж судлаачид дүгнэжээ.
Эх сурвалж: AFP