Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд Туул голын экологийн тэнцвэртэй байдлыг хадгалан тохижуулах төслийн мэдээллийг өглөө.
Тэрбээр “Туул голын урсцыг сайжруулан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба/УБЗАА/ хариуцдаг. Туул голтой холбоотой судалгаа анализ тооцоо хийгээд, шинэ хотын төлөвлөлттэй уялдуулан авч явах юм.
Туул голын эхэнд гадаргын усыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Элчин сайдын яаманд санал хүсэлтээ хүргүүлсэн. Уг төслийг энэ ондоо багтаагаад эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцүүлэн Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг хамтатгана. Тэрхүү хүрээлэнгийн тохижилттой уялдуулан үргэлжилбэл ганц жилээр тогтохгүй 3-4 жил үргэлжлэх өргөн хүрээний ажил байх юм” гэлээ.
Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ажлыг “Сонсголон сити” төсөл болоод дагуул хотын хөгжилтэй холбох, Туул голын эрэг орчмын тохижилтыг цааш үргэлжлүүлэхэд анхаарахыг хотын удирдлагын зүгээс сануулав.