ОХУ-ын Элчин Сайдын Яамны автомашиныг цагдаа зогсооход Элчин сайд нь дипломат эрх сануулав гэх мэдээлэл бүхий зураг олон нийтийн сүлжээнд тархаад буй.
Энэ асуудалд Тээврийн Цагдаагийн Албанаас/ТЦА/ тайлбар өглөө.
“Энэхүү асуудал нь 2018 онд буюу одоогоос дөрвөн жилийн өмнө болсон асуудал бөгөөд тухайн үед Оросын Холбооны Улсын Элчин сайд цагдаагийн алба хаагчаас зам асуух зорилготой зогсож, мэдээлэл авч цааш хөдөлгөөнд оролцсон болно.
Иргэд та бүхэн аливаа мэдээлэлд яаран дүгнэлт хийж, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндэд илт чиглэсэн сэтгэгдэл бичихгүй байх, бусдад өөрийн үйлдэл эс үйлдэхүйг нэг талын өнцгөөс тайлбарлах, уур бухимдлаа илэрхийлэх, нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй мэдээлэл цахим хуудсанд оруулж нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг зөвлөе.
Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлснийг анхаарна уу” гэв.