УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. АН-ын есөн гишүүн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ.
УИХ дахь АН-ын гишүүн О.Цогтгэрэл: АН-ын есөн гишүүн дөнгөж сая УИХ-ын даргад УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. АН-ын бүлгийн дотоод зохион байгуулалттай холбоотой олон асуудал бий. Монгол Улс парламентын засаглалтай орон. Парламентад хоёр бүлэг байдаг. Сөрөг хүчний ганц бүлэгтэй. Гэтэл сөрөг хүчний ганц бүлэг тодорхой асуудлууд дээр байр сууриа нэгтгэх, бодол шийдлүүдээ гаргах нөхцөл бололцоогүй зургаан сар өнгөрлөө. Энэ хугацаанд АН бүлэг хуралдсангүй. Ганц хоёр гишүүн сууж бүлгийн шийдвэр гаргаж байна. Аль эсвэл бүлгийн хуралдаа олонх гишүүд нь суухаар намын бүлгийн дарга хурлын шийдвэрийг хүчингүй болгох үйл ажиллагаа явуулдаг. Ийм байдалтай хагас жил явлаа.
Бид АН-ын бүлгийн дотоод дүрэм журмаар үүнийг хангалттай зохицуулсан байдаг. Гэтэл энэ асуудал шийдэгдэхгүй явсаар өдийг хүрлээ. Бид УИХ-ын дарга Г.Занданшатарт бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлд шаардлага тавьдаг. Гэтэл УИХ-ын дарга хуульд тодорхой зүйл заалт байхгүй, хэдий танай намын бүлгийн дүрэмд заасан ч УИХ-ын тухай хуульд тодорхой зүйл заалт байхгүй гэх шалтгаан хэлдэг. Ийм учраас хууль тогтоогч нарын хувьд бид хуульд байгаа зарим зүйлийг тодорхой болгоё, аливаа бүлгийн даргыг зохион байгуулалтын хувьд сольж өөрчлөх, шинээр томилох тухай зүйл заалтыг өргөн барилаа. УИХ-ын дарга ирэх долоо хоногийн хуралдаанаар энэ асуудлыг яаралтай хэлэлцүүлж өгөхийг бид хүсэж байна” гэлээ.