Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан. Гэсэн хэдий ч “Ковид-19” цар тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан автобуснуудыг оруулж ирэх ажил удаашраад байсан юм. Тэгвэл тус 60 автобусыг Улаанбаатар хот руу авчрах ажил эхэлжээ. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 32 автобусыг нийслэлд авчраад байна.
Тус автобусны гол онцлог нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй учраас тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж нэмэгдэж буй.
Мөн зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтай.