Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн төрөлжсөн парк шинэчлэл нэн шаардлагатай учраас цахилгаан хөдөлгүүртэй давхар автобус болон “Сургуулийн автобус”-ууд оруулж ирэх санаачилгыг 2019 онд тухайн үеийн хотын Захирагч, одоогийн Шадар сайд С.Амарсайхан гаргаж байсан.
2019 оны арваннэгдүгээр сард сургуулийн 5, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар 10 автобус оруулж ирж, туршилтаар үйлчилгээнд гаргаж байв.
Давхар автобус нь дезель хөдөлгүүрт автобуснаас 10 дахин бага буюу 100км-т 8000 төгрөгийн өртөг зарцуулдаг бол Сургуулийн автобус нь сурагчдын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эцэг, эхчүүдийн цаг завыг хөнгөвчлөх давуу талтай гэдгийг тухайн үед С.Амарсайхан дарга хэлж байсан юм.
Энэхүү хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж, 2020-2021 онд нийтийн тээврийн салбарт 300 автобусаар парк шинэчлэлт хийж, сургуулийн 200, цахилгаан хөдөлгүүрт давхар 50 автобусыг үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байсан ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хоёр жил гаруйн хугацаанд хил гааль сааталтай байсны улмаас дээрх ажлын гүйцэтгэл зогсож, багагүй шүүмжлэл дагуулаад байсан юм.
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх болон хотын автозамын түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой энэхүү бодлого, шийдлийг өнөөгийн хотын Захирагч Д.Сумъяабазар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.
Учир нь хэдхэн хоногийн өмнө сургуулийн 20 автобус, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар 70 автобусыг оруулж ирэн, нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахад бэлэн болжээ.