Иракийн Үндэсний Ассамблейн дарга Мохаммад Хабуши 12-ны өдөр олон нийтийн сүлжээгээр, парламент дахь хамгийн том нам болох “Садр хөдөлгөөн”-ний гишүүдийн хамтаар огцрох саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлжээ.
Мөн өдрийн үдээс өмнө Иракийн шийтийн шашны удирдагч Садр мэдэгдэл гаргаж, шинэ засгийн газар байгуулах ажил удааширсантай холбоотой улс төрийн мухардалд орсны хариуд түүний тэргүүлсэн “Садр хөдөлгөөн”-ний гишүүдийг огцрохыг шаардсан байна. Энэхүү алхам нь улс орныг тодорхойгүй нөхцөл байдлаас ангижруулахын тулд эх орон, ард түмнийхээ төлөө хийж буй золиослол юм гэж мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн жилийн 10 сард, Иракт Үндэсний ассамблейн шинэ сонгууль болж, нийт 329 суудлаас “Садрын хөдөлгөөн” 73 суудал авч, парламент дахь хамгийн том нам болсон юм. Энэ оны 1-р сарын 9-нд Иракийн шинэ үндэсний ассамблей анхны хуралдаанаа хийжээ. Иракийн үндсэн хуульд парламент анхны чуулганаа хийснээс хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхийлөгчөө сонгох ёстой гэж заасан байдаг. Дараа нь шинэ Ерөнхийлөгч парламент дахь хамгийн том намаас нэг хүнийг томилж, 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг сонгож, Засгийн газрын гишүүний нэрсийг дэвшүүлнэ. 2-р сарын 7-ноос хойш хуралдсан гишүүдийн ирц бүрдээгүй зэрэг шалтгаанаар Ерөнхийлөгчийн сонгууль хэд хэдэн удаа хойшилсон байна.