Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирал А.Ариунболд нар QSC компани Засгийн газрыг шүүхэд өгч байгаатай холбогдуулан хариу мэдээлэл өгөв.
-Шүүхээс нэхэмжлэлийн нэг хувийг бидэнд албан ёсоор гардууллаа. Засгийн газар 2014 онд QSC компанитай Концессын гэрээ байгуулсан ч гэрээний биелэлт хангалтгүй байсан. Иймд Засгийн газраас энэ гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Энэ дагуу ТӨБЗГ мөн тухайн үед гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг буцаан төрийн мэдэлд шилжүүлсэн. Дараа нь Сангийн сайдаар ахлуулсан өргөн бүрэлдэхүүн Дарханы үйлдвэрт ажиллан, төрийн төлөөлөгчийг томилсон юм.
QSC компани нэхэмжлэлдээ “Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн Концессын гэрээг цуцлах тухай 148 дугаар тогтоолыг хүчингүй болгох хүсэлтээ илэрхийлжээ. Мөн ТӨБЗГ-ын 2022 оны 04,17-ны өдрийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагын эргэх хөрөнгийг QSC компанид буцаан шилжүүлсэн тухай шийдвэрийг хүчингүй болгоно уу” гэжээ. Бид шүүхэд хариу тайлбараа гаргаж өгнө. Засгийн газраас А.Ариунболд захирал бид хоёрыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Бид сөрөг нэхэмжлэл гаргана. Бидэнд ноцтой баримтууд бий.” гэв.