Умард Солонгосын дэглэм коронавирусийн цар тахлыг амжилттай ялан дийлснээ саяхан зарлаад байгаа.
Пүрэв гарагт Умард Солонгосын удирдагчийн төрсөн дүү Ким Ёо Жон өвчний дэгдэлтийн ид үеэр ах нь нэлээд хүнд өвдсөн тухай эрх баригч намын гишүүдтэй уулзах үеэрээ анх удаа дэлгэжээ.
Хэдийгээр өндөр халуурч, бие нь маш хүнд байсан ч ард түмэндээ санаа зовсон Ким Жон Ун орондоо ганц хором ч хэвтэж чадахгүй байсныг дүү нь ярьсан тухай Умард Солонгосын төв мэдээний агентлагт мэдээлсэн байна.
Ким Ёо Жоны үгийг сонссон хүмүүс уйлалдаж байгааг тус улсын төв телевиз бас харуулжээ.
Ким Жон Ун өнгөрсөн сард олон нийтийн өмнө ил гаралгүй 17 хоносон юм. Ким Ёо Жон өчигдөр хэлсэн үгэндээ цар тахлын дэгдэлтэд Өмнөд Солонгосын засгийн газрыг буруутгажээ.
Өмнөд Солонгосын талаас хил давуулж нисгэдэг суртал ухуулгын материалаар вирусийн халдвар дамжсан гэх онолыг тэр энэ үеэр дэвшүүлсэн юм.
“Хэрвээ дайснууд манай улс оронд вирус тараах ийм аргыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх юм бол бид вирусийг төдийгүй Өмнөд Солонгосын эрх баригчдыг ч устгах болно” гэж тэр сүрдүүлжээ.
Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яам Ким Ёо Жоны бүдүүлэг, хариуцлагагүй мэдэгдэлд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
Умард Солонгосын дэглэмийг эсэргүүцэгчид болон тус улсаас дүрвэсэн хүмүүс суртал ухуулгын материал зүүсэн олон тооны агаарын бөмбөлгийг хоёр Солонгосын хилийг давуулан хөөргөдөг. Хоёр Солонгосын харилцаа зөөлөрч байсан ерөнхийлөгч Мүүн Жэ Иний засаглалын үед ийм үйл ажиллагааг хориглох хүртэл арга хэмжээ авч байв.
Харин энэ оны тавдугаар сард тангараг өргөсөн Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сүк Ёлын засгийн газрын үед хоёр Солонгосын харилцаа эрс муудаж, дайсагнал ширүүссэн юм.
Эх сурвалж: Bloomberg