Японы Сангийн яам энэ сарын 17-нд экспорт импортын статистикээ нийтэлжээ. Түүхий газрын тос зэрэг импортын барааны үнэ өндөр, иенийн ханш ихээр унасан зэргээс шалтгаалан Японы эдийн засаг 12 сар дараалан алдагдалтай явж, долдугаар сарын худалдааны алдагдал 1.44 их наяд иен болсон нь түүхэн дээд уналт болжээ.
Тоо бүртгэлээс харахад долдугаар сард түүхий нефть, нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийн импортын үнэ бүгд 100 гаруй хувиар нэмэгдсэн нь импортын ерөнхий үнэ ханшийг ихээр өсгөжээ. Тус сард Японы импортын мөнгөн дүн ноднингийн мөн үеэс 47.2 хувиар нэмэгдэн 10 их наяд 190 тэрбум иен болсон нь мөн л шинэ рекорд болсон байна.
Үүний зэрэгцээ тус сард Японы экспорт ноднингийн мөн сараас 19 хувь нэмэгдэн 8 их наяд 750 тэрбум иен болсон нь 17 сар дараалан өссөн үзүүлэлт юм. Тус сард авто машин, чулуужсан түлш, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэг салбарын экспорт нэмэгджээ.
Улс орон, бүс нутгийн хувьд авч үзвэл тус сард Японоос Хятад улсад 1 их наяд 780 тэрбум иенийн бараа, АНУ болон Европын холбоонд тус тус 1 их наяд 580 тэрбум иен болон 842.5 тэрбум иенийн бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Иймээс Хятад улс Японы экспортын хамгийн том зах зээл хэвээр байна.