Одон орон судлаачид бүхэлдээ далайгаар бүрхэгдсэн байж болзошгүй шинэ гараг илрүүлжээ.
“Goldilocks zone” нэртэй уг гараг нь дэлхийгээс 100 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд амьдрах боломжтой бүсэд тооцогдож байна. Тус гарагийн агаарын хэм нь гадаргуу дээр ус тогтоход яг тохиромжтой аж. Хэт халуун, хэт хүйтэн биш учир дэлхийтэй адилхан ус нь шингэнээрээ хадгалагдана гэсэн үг юм.
Гарагийн албан ёсны нэршил нь “TOI-1452 b” юм. Хэмжээ, жингийн хувьд дэлхийгээс арай том боловч нягтрал нь харьцангуй бага аж. Тиймээс усны зузаан давхаргаар бүрхэгдсэн байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Далайгаар бүрхэгдсэн гарагууд нь одон орон судлаачид, сансар огторгуй сонирхогчдын сонирхлыг татсаар ирсэн. Түүнчлэн амьдрал үүсэх, хүн оршин тогтнох боломжтой гарагуудад хүчтэй нэр дэвшигч гэж үздэг. Судалгаа хийсэн одон орон судлаачид “TOI-1452 b” гарагийг өнөөг хүртэл илрүүлсэн хамгийн боломжит далайн гарагуудын нэг гэжээ.
“TOI-1452 b” гарагийг анх НАСА-ийн дурангаар илрүүлсэн. Ажиглахад 11 хоног тутамд одны гэрэлтэлт бага зэрэг буурч байжээ. Энэ мэдээлэлд үндэслээд “TOI-1452 b” гарагийг дэлхийгээс 70 орчим хувиар том гараг гэж таамагласан. Мөн хэт улаан туяаны спектрийн дурангаар 50 гаруй цаг ажиглалт хийгээд энэ гарагийн жинг дэлхийгээс бараг тав дахин хүнд гэж тооцоолжээ.
Дэлхийн гадаргуугийн 70 хувь нь усаар бүрхэгдсэн байдаг хэдий ч нийт жингийн нэг хүрэхгүй хувийг бүрдүүлдэг. Харин “TOI-1452 b” гарагийн нийт жингийн 30 орчим хувийг ус эзэлж байж магадгүй аж.
Эх сурвалж: EURONEWS