Жил бүрийн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагддаг Дорнын Эдийн Засгийн Чуулга Уулзалтад оролцох гадаадын хүндэт зочдын нэрсийг Кремлийн хэвлэлийн алба Ням гарагт зарлажээ.
Энэ жилийн арга хэмжээнд Монгол, Мьянмар, Армени, Хятадын төр засгийн өндөр албан тушаалтнууд оролцохоор болсон байна.
“ОХУ-ын ерөнхийлөгчийн хамт Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төрийн зөвлөлийн дарга, түр засгийн газрын ерөнхий сайд, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлаин, Бүгд Найрамдах Армени Улсын ерөнхий сайд Никол Пашинян, Монгол Улсын ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар оролцоно” гэж Кремлийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.
Чуулга уулзалтын үеэр буюу есдүгээр сарын 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гадаадын хүндэт зочидтой тус тусад нь уулзахаар төлөвлөсөн тухай бас мэдээлсэн байна.