Капитал Банкийг татан буулгахаар шийдвэрлэснээ Монголбанк танилцуулснаас хойш гурван жил таван сарын хугацаа өнгөрчээ. Тухайн үед тус банканд Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг байршиж байсныг ХНХ-ын сайд асан С.Чинзориг мэдээлж байсан.
Капитал Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү УИХ-ын чуулганы 2022 оны тавдугаар сарын 13-нд мэдээлэл өгснөөр Капитал банк татан буугдах үед Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хохирол нийт 240.3 тэрбум төгрөг байснаас тавдугаар сарын байдлаар Эрүүл мэндийн даатгалын сан 81 тэрбумын үлдэгдэлтэй, Нийгмийн даатгалын сан 70.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байв. Үүнээс мөнгөн хөрөнгөөр тус бүр 8.5 тэрбум төгрөг, хөрөнгөөр ЭМДС-д 46.7 тэрбум төгрөг, НДС-д 25 тэрбум төгрөгийн хохирол барагдуулжээ.
Капитал Банканд байсан нийт хөрөнгийн 50 гаруй хувийг ЭМДС, НДС гэсэн хоёр байгууллага авсан байна.
Мөн “Капитал Банкны нийт актив нь бохир дүнгээр 252 тэрбум, харин нийт өр төлбөр нь 500 гаруй тэрбум төгрөг. Тэгэхээр одоо байгаа хөрөнгөөр хохирол барагдуулах ямар ч боломжгүй байна” гэж байв.