Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргэлтээр явуулснаар түгжрэлтэй бүсэд оруулахгүй байж, зорчих хугацааг хэмнэх боломжтой.
Тухайлбал, Найрамдал зуслангийн чиглэлийн автобусыг богино эргэлтээр явуулснаар зорчих хугацааг 20 минутаар багасгасан тухай Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа хэллээ.
Нийтийн тээврийн чиглэлүүдийг туулах замаар нь ангилан үзвэл
- богино эргэлт
- урт чиглэл
- үндсэн чиглэл
- хот орчмын чиглэл байна.
Хамгийн урт чиглэл 72 километр үргэлжилдэггэдгийг хэлтсийн дарга С.Цэцэгмаа хэллээ.
Мөн тэрбээр “Таван шараас офицеруудын ордон хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөнд маш их ачаалал үүсдэг. Иймд аль болох энэ хэсэг рүү оруулахгүйгээр түгжрэлгүй хэсэгт эргэлт хийдэг болгохыг эрмэлзэж байна.
Хотын урд хэсэгт 120 мянгатын уулзвар, хойд хэсэгт Баянбүрдийн тойрог орчимд эргүүлэх зэргээр зохицуулж, ачаалалтай гудамж, зам руу автобус оруулахгүй байх боломжтой. Ингэснээр иргэд ч түгжрэлд орохгүй. Үүнийг богино эргэлтийн төлөвлөлт гэж нэрлээд байгаа” хэмээн тайлбарласан юм.
Улаанбаатар хотын гол дөрвөн гудамж зам болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчигч урсгалын ачаалал их байдаг. Тодруулбал,
- Энхтайваны өргөн чөлөөгөөр 20 чиглэлийн 280 автобус, нийт зорчигчдын 30.6 хувь,
- Чингисийн өргөн чөлөөнд есөн чиглэлийн 120 автобус, зорчигчдын 8.6 хувь,
- Их тойрууд 14 чиглэл 150 автобус, зорчигчдын 6.2 хувь, Нарны замаар долоон чиглэлийн 70 автобус, зорчигчдын 2.6 хувь нь тус тус зорчиж байна.