УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлах шатандаа явж байна. Чуулганы эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл төсвийн төслийг эцэслэн батлах санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг 2023 оны төсвийн төслийг эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэнэ, улс орныг дефолтын хэмжээнд иргэдийг ядууралд хүргэнэ хэмээн үзэж эсэргүүцэж байна.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Эцэслэн батлагдах гэж байгаа улсын төсөв ирэх оны нөхцөл байдлыг тооцоолоогүй, улс орныг дефолт руу, иргэдийг ядуурал руу чиглүүлсэн төсөв болсон. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, мөнгөний бодлогыг зүгээр л хэлэлцээд өнгөрдөг цаас боллоо. Мөнгөний бодлогыг байдаг л хэдэн жижүүрийн үгээр баталсан байна. УИХ-аас тогтоосугай, гэхдээ ийм асуудлыг сайжруул, эрчимжүүл гэсэн эзэн биегүй, цаг хугацаагүй зүйлийг зааж өгдөг боллоо. Цаашид УИХ-аас ажлын хэсэг байгуулж, мөнгөний бодлогыг чанартай батлах, Төсвийн тогтвортой байдлын хуулиа даган мөрдөхөд юун шаардлагатай вэ гэдэг анхаарах хэрэгтэй байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг зогсоож, илүү сайжруулах удаа дараагийн саналыг АН-аас гаргасан. Гэтэл тэгсэнгүй. Тиймээс төсөв эцэслэн батлах санал хураалтад АН-ынхан дэмжиж оролцохгүй. Гэхдээ мэдээж олонхоороо батлагдаад явна. Тэгэхээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, бодлогын арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм” гэлээ.
2023 оны төсвийн төсөл болон дагалдах хуулиудыг өнөөдөр батлах юм.