Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Индонез улсад болж байгаа “Их 20”-ийн уулзалтад цахимаар оролцохдоо Украинд явуулж буй Оросын дайныг зогсоохыг уриаллаа. Энэ үеэр тэрээр Украины зүгээс санал болгож буй арван хэсгээс бүрдсэн энхийн төлөвлөгөөг танилцуулжээ.
Үүнд: цөмийн, хүнсний, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, Украины бүх олзны хүнийг суллах, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, Оросын цэргийг гаргаж цэргийн ажиллагааг зогсоох, шудрага ёсыг сэргээж, байгальд хор хөнөөл учруулахыг зогсоох гэх зэрэг заалтууд багтсан байна.
Олон мянган хүний амийг аврахын тулд Оросын хөнөөлт дайныг зогсоох цаг нь яг одоо болсон гэж үзэж байгаагаа Зеленский мэдэгдлээ.
Уулзалтад үг хэлэх үедээ тэрээр “Их 20”-ийн бүлгийг “Их 19”-ийн бүлэг хэмээн Оросыг хасан нэрийдсэн байна. Түүнчлэн тэрээр ОХУ-ыг Украинаас цэргээ гаргаж, учруулсан хохиролдоо нөхөн төлбөр төлөхийг шаардлаа.
Өнгөрөгч долоодугаар сард НҮБ болон ОХУ-ын хооронд байгуулсан Украины үр тарианы хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар сунгахыг Зеленский уриаллаа.
11-р сарын 19-нд хугацаа нь дуусах тус гэрээний ачаар Украины 10 сая тонн үр тариа болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг экспортолж, дэлхийн хүнсний хямралтай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж НҮБ мэдэгджээ.