БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мао Нин мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр ТАСС агентлагийн асуултад хариулахдаа “Монголын эрх баригчдаас хүсэлт ирвэл Хятад руу экспортолж буй нүүрсний хулгайн гэмт хэргийг шалгахад Монголын Засгийн газарт туслахад бэлэн” гэж мэдэгджээ.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй албан тушаалтнуудын жагсаалтыг Монголын эрх баригчдад өгсөн гэх мэдээлэлд тайлбар өгөхийг хүссэний хариуд дипломатч “Нөхцөл байдлын цаад учир шалтгааныг мэдэхгүй байна. Монголын Засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг ойлгож, шийдвэрлэх арга хэмжээ авч чадна гэдэгт найрсаг хөрш орны хувьд бид итгэлтэй байна. Монголын талаас ийм хүсэлт гаргавал БНХАУ-ын эрх бүхий газрууд хуулийн дагуу шаардлагатай тусламжийг үзүүлнэ” гэж хэлжээ.
Даваа гарагт CentralAsia.media мэдээллийн портал “Хятадын эрх баригчид нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг цаазалсан” гэсэн агуулгатай мэдээ нийтэлсэн юм.
Үүнээс гадна БНХАУ-ын эрх баригчид энэ хэрэгт холбогдсон Монголын улстөрчдийн нэрсийн жагсаалтыг Монголын засгийн газарт хүлээлгэн өгсөн гэж тус портал мэдээлжээ.