Украины арми Оросын хяналтад байгаа Мелитополь хот дахь Вагнер Группийн цэргийн ангид агаарын цохилт өгсөн тухай өчигдөр хоёр талын эх сурвалжууд мэдээлжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр нийтдээ 10 удаа дэлбэрэлтийн чимээ сонсогдсон бөгөөд эдгээрийн зарим нь Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийн хариу нээсэн гал байж магадгүй гэнэ.
Мелитополь бол Украины өмнөд бүсийн Запорожье мужийн хот юм.
Украины тал HIMARS пуужингийн системээр Вагнер Группийн цэргүүд байрлаж байсан зочид буудлын барилгад цохилт өгсөн байна.
Ням гарагийн шөнө Украины арми Оросын хэд хэдэн байрлалд агаарын цохилт өгсний нэг нь Мелитополь байжээ.
ОХУ-д нэгтгэгдсэн Крымийн Севастополь, Симферополь хотуудад бас агаараас цохилт өгсөн тухай мэдээ ирж байна.
Москвагаас томилогдсон Мелитополь хотын захирагч цохилтын үеэр хоёр хүн амь үрэгдэж, 10 орчим хүн шархадсан тухай мэдээлжээ. Харин Украины талын дүрвэгч захиргаа Вагнер Группийн олон цэрэг амь үрэгдэж, Оросын тал ихээхэн хохирол амссан тухай мэдээлж байна.
Тухайлбал Москвагаас томилогдсон Мелитополийн захирагч Евгений Балицкий “Агаарын довтолгооноос хамгаалах систем дайсны хоёр пуужинг устгасан бол дөрвөн пуужин байндаа туссан” гэж сошиал хуудсандаа мэдээлжээ.
Талуудын өгсөн мэдээллийг гуравдагч эх сурвалжаар баталгаажуулах боломжгүй байна.
Херсон хотыг Украины арми чөлөөлсний дараа Мелитополь хот дараагийн тулааны гол талбар болоод байгаа.
“Мариуполийн ойролцоох ОХУ-ын хилтэй Херсон мужийн зүүн хэсгийг холбодог Оросын зэвсэгт хүчний бүх ложистик, зам харгуй энэ хотоор дайрдаг юм. Хэрвээ Мелитополь чөлөөлөгдвөл Оросын армийн Херсон хүрэх бүх зам нуран унаж, Украины арми Крымийн хойгт шууд хүрэх боломжтой болно” гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Олексий Арестович сошиал сүлжээнд нийтлэгдсэн ярилцлагадаа өгүүлжээ.
Эх сурвалж: The Guardian