“Road to ONE: Mongolia” шоу тэмцээний ялагч Баатархүүгийн Энх-Оргил холимог тулааны Азийн хамгийн том холбоо болох ONE Championship-ын анхны тулаанаа 21-ний шөнө хийлээ. Тэрээр Филиппиний Адонис Севилленог гурван үед илүүрхэж шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан байна.
ONE Championship холбооны албан ёсны реалити шоу болох “Road to ONE: Mongolia” шоу өнгөрсөн оны 11-р сард Монгол улсад анх удаа болсон. Тус шоунд Б.Энх-Оргил ялснаар ONE Championship холбоотой 100 мянган ам.долларын гэрээ хийх эрхтэй болсон билээ.
Ийнхүү эрхээ авсан тэрээр Тайландын нийслэл Бангкок хотод болсон “ONE Fight Night 9”-ийн үеэр олон улсын дэвжээнд анх удаа гарсан нь энэ юм.
Өдгөө 34 настай Б.Энх-Оргил холимог тулаанаар 7 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй.