Монголын Уртын дууны холбооны 20 жилийн ой, уртын дууны “Өнө чуулга” үүсэн байгуулагдсаны 10 ойг тохиолдуулан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Улаанбаатар хотноо 06 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй, Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмын хүрээнд монголын үе үеийн уртын дуучдын төлөөлөл 300 орчим дуучид нэгэн дор чуулж, өнөөдөр өглөө 05:00 цагт Д.Сүхбаатарын талбайд ургах нарыг уртын дуутай угтлаа.
Уртын дуучид маань алтан дэлхийг гийгүүлэгч нарыг магтаж, “Уяхан замбуу тивийн наран”, орчлон хорвоогийн сайн сайхныг ерөөж “Оломгүй далай”, төр түвшин, түмэн олон амгалан сайхан байхыг бэлгэдэж “Эрхэм төр” хэмээх утга төгөлдөр бүтээлүүдийг дууллаа. Ийнхүү ургах нарыг уртын дуутай угтсан утга төгөлдөр үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.