Хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожиний эзэмшлийн нисэх онгоц өнөөдөр өглөө Беларусийн нутаг дэвсгэрт ирснийг эх сурвалжууд мэдээллээ.
Embraer Legacy 600 загварын уг онгоцонд хэн зорчиж явсан нь тодорхойгүй байна.
АНУ-ын засгийн газрын хар жагсаалтад бүртгэлтэй уг онгоц ОХУ-ын Дон дахь Ростов хотоос хөөрч, Беларусийн нийслэл Минск хотын ойролцоо газардсаныг ажиглагчид мэдээлжээ.
Пригожин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудтай хариуцлага тооцохоор Москва хот руу цэргийн марш зохион байгуулсан юм. Тэрбээр Вагнерын хуаран руу Оросын арми пуужингаар довтолж, 30 орчим цэргийнх нь амийг хөнөөсөн тул ингэх болсноо тайлбарлаж байв.
Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Алба түүнд зэвсэгт бослогод олон нийтийг уриалсан хэрэг тулган шалгаж эхэлсэн юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бас түүнийг урвагч хэмээн нэрлэж, хатуу шийтгэхээ мэдэгдэж байлаа.
Гэвч Вагнерын цуваа Москвагаас 200 орчим километрийн зайд ирсний дараа Беларусийн ерөнхийлөгчийн зуучлалаар сөргөлдөөн зогссон юм.
Тохиролцооны нэг нөхцөлд Пригожинд тулгасан ялыг цуцалж, хариуд нь Оросоос Беларусь руу дүрвэх шаардлага тавьсан гэгдэж байгаа.
Өнөөдөр ОХУ-ын батлан хамгаалах яам Вагнерын зэвсэгт хүчин байлдааны хүнд зэвсэг техникээ албан ёсны армид хүлээлгэж өгөхөөр болсныг зарлажээ.
Эх сурвалж: Reuters