Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, тус хорооны ажлын хэсгийн дарга Э.Тэмүүжин нар Азербайжан улсын Баку хотноо болж буй Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайд нарын олон улсын VII бага хуралд оролцож байна.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО нь 1976 оноос уг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн юм.
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ томилолтын хугацаандаа Монгол Улсын Засгийн газраас нийтийн биеийн тамир, спортын салбарт баримталж байгаа бодлого, үйл ажиллагааны хүрээнд авах арга хэмжээ, өнөөгийн болон цаашдын төлөв байдал, хамтын ажиллагааны талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцохоор төлөвлөжээ.
Төлөвлөгөөнний дагуу Б.Бат-Эрдэнэ хурлын үеэр ОХУ-ын Спортын сайд Олег Матыцинтай уулзжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр уулзалтын үеэр ОХУ-ын мэргэжлийн хоккейн КХЛ лигийн улирлын өмнөх тоглолтыг Улаанбаатар хотод хийхээр тохиролцсон байна.
Тэгэхээр өнгөрсөн гуравдугаар сард өсвөрийн хоккейн ААШТ, шайбтай хоккейн IY девизионы ДАШТ болон ОХУ-ын уран гулгалтын оддын шоу тоглолтыг амжилттай зохион байгуулсан Мөсөн өргөө дахин үзэгч түмнээ баярлуулах нь. ОХУ-ын Спортын яамнаас энэ талаар хэлэлцэж байгаа ч Оросын мэргэжлийн хоккейчдын тоглолтыг Мөсөн Өргөөнд энэ жил хийх үү, ирэх жил үү гэдэг нь тодорхойгүй байна.