Москваг Крымийн хойгтой холбодог Керчийн гүүрэнд дэлбэрэлт болжээ. Улмаар хоёр иргэн амиа алдаж, нэг хүүхэд шархадсан байна. Амиа алдсан хоёр иргэн шархадсан охины эцэг, эх байжээ.
Одоогоор тус гүүрээр зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Керчийн гүүрний халдлагад Крымийн засгийн газар Украиныг буруутгаж байгаа бол Украинаас “Энэ бол Оросын өдөөн хатгасан үйлдэл” гэж мэдэгджээ.
Оросын Grey Zone нэртэй Телеграм хуудаснаас гүүрний дэлбэрэлт Украины тус гүүрэнд суурилуулсан усан доорх дроноос болж үүссэн хэмээн нийтэлсэн байна.
Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсний дараа 2018 онд Керчийн гүүрийг ойролцоогоор 3.6 тэрбум ам.долларын өртгөөр байгуулжээ. 2022 оны аравдугаар сард мөн тус гүүрэнд дэлбэрэлт болж, 10 гаруй хүн амиа алдаж байв. Улмаар тус гүүрний хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, хоёрдугаар сард эргэн нээсэн юм.
Керчийн гүүр нь ОХУ-аас Укрианд байлдаж буй цэргүүд рүү нөөц зөөвөрлөхөд чухал гарц болдог аж.
Эх сурвалж: Ройтерс