Хэдийгээр дуусахад хэдхэн өдөр үлдсэн ч 2023 оны долдугаар сар бүртгэл хөтөлж эхэлсэн цагаас хойших манай гарагийн хамгийн халуун сар болж буйг Дэлхийн Цаг Уурын Байгууллага, Европын Коперникус Уур Амьсгалын Алба өчигдөр мэдээлжээ.
Энэ нь албан ёсоор 1940-өөд оноос хойших хамгийн их халсан сар гэсэн үг юм.
Албан ёсны бүртгэлээс гадна моддын цагариг, мөсний цөм зэргийг үндэслэн тооцоолоод энэ сар манай гарагийн сүүлийн хэдэн мянганы хамгийн халуун сар байх өндөр магадлалтайг бас зарлажээ.
Дээрх дүгнэлттэй холбоотойгоор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр Нью-Йорк хотноо мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст энэ жил “харгис ширүүн зун” үргэлжилж буйг мэдэгдээд уур амьсгалын өөрчлөлттэй хийх тэмцлээ эрчимжүүлэхийг улс орнуудад уриалжээ.
“Бүхэл бүтэн гарагийн хувьд энэ бол гамшиг юм. Ойрын хэдэн өдөрт багахан хэмжээний мөстлөгийн үе шахуу үзэгдэл тохиож, 2023 оны долдугаар сар түүхэнд тэмдэглэгдэх гэж байна. Уур амьсгалын өөрчлөлт бодитой боллоо. Энэ бол аймшигтай. Энэ нь зөвхөн эхлэл юм. Дэлхийн дулаарлын эрин үе дуусаад дэлхий буцлах эрин эхэлж байна” гэж Гутерреш анхааруулсан юм.
Энэ сард Европ, Ази, Умард Америкт агаарын температур түүхэн дээд хэмжээндээ хүрч халснаас Канад, өмнөд Европт өргөн хүрээг хамарсан гал түймэр шатаж, хүмүүний тэсвэрлэх чадварыг шалгаж, асар их хэмжээний хохирол учруулаад байна.
“Агаар амьсгалах аргагүй болж байна. Халууныг тэсвэрлэх аргагүй болж байна. Ийм үед чулуужсан түлшээр ашиг олох, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу ч хийхгүй суух нь байж боломгүй зүйл. Удирдагчид манлайлах цаг боллоо. Хойш суух хугацаа үлдсэнгүй. Уучлах шалтгаан үлдсэнгүй. Бусдыгаа түрүүлж хөдлөхийг хүлээж суух аргагүй боллоо” гэж Гутерреш анхааруулжээ.
Ирэх есдүгээр сард болох Climate Ambition Summit чуулганаас өмнө хөгжингүй улс орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2040 оноос өмнө зогсоох, хөгжиж буй орнууд 2050 оноос өмнө зогсоох амлалт авахыг тэр уриалсан байна.
Эх сурвалж: AFP