Сүүлийн өдрүүдэд Оросын газар нутгийн гүнд гарсан дроны хоёр халдлагыг хорлон сүйтгэгчдийн тусламжтай зохион байгуулснаа Украины цэргийн тагнуулын алба өчигдөр хүлээн зөвшөөрсөн байна.
Тухайлбал өнгөрсөн Бямба болон Даваа гарагт зохион байгуулагдсан халдлагуудын үр дүнд Оросын хоёр бөмбөгдөгч, өөр хоёр нисэх онгоцыг устгаснаа Украины цэргийн тагнуулын албаны хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов орон нутгийн хэвлэлд өчигдөр ярьжээ.
Бямба гарагт Украины хойд хилээс 700 км зайтай оршдог Новгород мужийн Сольцы агаарын баазад, Даваа гарагт Украины зүүн хойд хилээс 300 км зайтай оршдог Калуга мужийн Шайковка агаарын баазад дроноор халдсан юм.
Дээрх халдлагуудыг Украины тагнуулын албатай холбоотой ажилладаг хүмүүс гүйцэтгэсэн болохыг Юсов мэдээлжээ.
Сольцы агаарын баазад устгагдсан нэг онгоц нь Оросын дуунаас хурдан бөмбөгдөгч Туполев Ту-22М нисэх онгоц байсан гэнэ. Оросын батлан хамгаалах яам энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа.
Planet Labs компаниас гаргасан хиймэл дагуулын харьцуулсан зургаас харвал халдлагын өмнө Сольцы баазад 10 ширхэг Ту-22M байрлаж байжээ.
Халдлагын дараа тэд бүгд алга болж, нэгнийх нь зогсож байсан газарт том хар толбо үүссэн байна.
Уг халдлагын дараа Оросын тал стратегийн бөмбөгдөгч онгоцнуудаа Украины хилээс холдуулсан байж болзошгүй байгаа.
Энэ оны эхнээс Украины тал Оросын газар нутгийн гүнд оршдог зэвсэг, техникийн байгууламжуудад дроны цохилт өгөхөө нэмэгдүүлсэн юм.
Мөн нийслэл Москва хотод халдах явдал сүүлийн үед улам эрчимжиж байна.
Эхэн үедээ Украинчууд Зөвлөлтийн үеийн хийцтэй алсын нислэгийн дронуудыг довтолгоондоо ашиглаж байв. Эдгээр нь 1,000 км хүртэл зайд нисэх чадвартай.
Харин сүүлийн үед энгийн, бага оврын дронуудыг түлхүү ашиглах болсноос харвал Украины хорлон сүйтгэгч бүлгүүд Оросын газар нутгаас халдлагыг зохион байгуулж байж болзошгүй байна.
Эх сурвалж: Associated Press