Завхан аймагт түргэвчилсэн шинжилгээрээр тарваган тахлын тохиолдол батлагдаж, Улиастай сумын гарах хөдөлгөөнийг, Яруу сумаас орох, гарах хөдөлгөөнийг зургаа хоногийн хугацаатай хязгаарлахаар шийдвэрлэсэн гэдгийг тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Тодруулбал, Завхан аймгийн Яруу сумын харьяат иргэн нохойныхоо зууж ирсэн тарваганы махыг өвчиж, гэр бүлээрээ чанаж иджээ. Үүний дараагаар тухайн иргэн халуурч, булчирхайн цочсон шинж тэмдэгтэйгээр өрхийн эмнэлэгт очсоноор мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээний хүрээнд түргэвчилсэн шинжилгээ авахад хариу эерэг гарсан байна.
Иймд аймгийн онцгой комиссоос есдүгээр сарын 19-ний 21:00 цагаас есдүгээр сарын 25-ны 21:00 хүртэл хөдөлгөөнийг хязгаарлажээ.